Том Хэнкс: Би эхнэрээ хамгийн том лотто сугалаанд хожсон
Опра Уинфри шоу нэвтрүүлэгтээ Оскарын шагналт Жулия Робертс болон Том Хэнксийг урьжээ. Опра тэднийг хоёр цагийн турш нэгэн гэр бүл хэмээн үзэж, Холливудын "аварга загас"-уудтай бүхий л сэдвээр хөөрөлджээ.
0: Хэзээ нэгэн цагт энд ирнэ гэдгээ төсөөлж байв уу. Та хоёртой хамт сууж байгаа минь сайхан байна. Анхны бүтээлээ эргэн дурсаач?
Ж: Таньд баярлалаа. Миний хувьд анхны бүтээлээ 1989 онд "Магнолиас" студитэй хамтарч хийж байсан. "Эрин Брокович" кино амьдралын минь хамгийн гайхалтай уран бүтээл болсон гэж боддог. Таны нэвтрүүлэгт хоёр дахь удаа оролцож байна шүү дээ. Тэгэхээр энд анх удаа ирсэн гэдэгтэй тань санал нийлэхгүй нь. (Инээв)
Т: Миний хувьд 1988 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж байсан. Мэдээж "Форрест Гамп" киногоор Оскарын шагнал хүртсэн минь "Каст Уэй" кино продакшинтай салшгүй холбоотой юм. Санаж байвал та 13 дахь нэвтрүүлэгтээ намайг урьж байсан шүү дээ. Тэр үед залуу ч байж. Зорилго тэмүүлэл, хүсэл эрмэлзэл дүүрэн он жилүүд хөвөрч байсан.
0: Та хоёрын хамтран тоглосон киноны тухай сонсмоор байна?
Т: Тийм ээ. 2007 онд найруулагч Ларри Кроун биднийг "Чарли Уилсоны дайн" кинонд дүр бүтээх санал ирүүлсэн. Харин кино зохиолыг миний коллежид байхдаа бичсэн "Намайг орхивол би үхэх болно" нэртэй тайзны бүтээлээс сэдэвлэсэн. Энэ их гайхалтай кино болсон. Бид нэгнийгээ уран бүтээл тал дээр чамгүй туршлагатай гэдгийг мэддэг болохоор анхдагчдын араншин гаргаагүй.
Ж: Надад тийм том дүр өгсөнд Ларри Кроун, Том Хэнкс нарт талархаж явдаг. Харин зураг авалтын үеэр хүндрэлтэй зүйл гарах бүрт загнуулахаараа битүүхэн гомддог байлаа. (Инээв)
0: Таны уран бүтээлийг Жуниор коллежид байхаас тань л мэдэх юм байна?
Т: Жуниор коллеж бол миний боловсролд эцэг, эхээс минь ялгаагүй санаа тавьсан сургууль. Тэнд зургаан жил сурахдаа жүжигчин, зохиолч болох анхны алхамаа тавьж байлаа. Жуниор коллежид 19 настайдаа элсэн суралцсан юм. Хэрвээ тэнд дахиад хэдэн жил сураач гэвэл би огт татгалзахгүй. Учир нь өглөө бүр хөвгүүдтэй хөгжилдөж, багшийнхаа даалгавартай өдөржин зууралддаг байсныг хэзээ ч мартдаггүй юм. Хэнээс ч юу ч хүсэхгүй бодох зүйлгүй гайхалтай өдрүүд өнгөрсөн.
0: Дээд курстээ ороод Жулиатай танилцсан гэл үү?
Т: Тийм ээ. Бид тэгэхэд найзууд болсон. Тэр үргэлж профессор Ларритай тоглож, нөхөрлөдөг байсан. Конн Лэди гэж эмэгтэй багш байсан л даа. Тэр үргэлж Жулиаг магтаж, мэргэжлээ сайн эзэмшиж байгааг нь гайхдаг байлаа.
Ж: Тэр дэгсдүүлж байна.(Инээв) Үнэндээ Т.Хэнкс бид хоёрын харилцаа тийм гүнзгий байгаагүй ч зарим зохиол дээр хамтарч бэлтгэл хийдэг байсан. Санаж байгаа байлгүй. Намайг их иддэг гэж шоолдог байсан. Оюутан, жүжигчний бэлтгэл ангийн нас минь сайхан байж.
0: Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
Ж:Найруулагч Мерседес Тайнотын "Ларри Кнаут" кинонд дүр бүтээж байгаа. Удахгүй дэлгэцэнд гарах үед дэлгэрэнгүй ярьсан нь дээр биз.
0: Хэрэв та бизнес эрхэлдэг байлаа гэж бодъё. Мэдээж дөрөв, тав, зургаан долоо хоногийн дараа ямар байдалтайгаар ажлаа төлөвлөх вэ.
Т: Үгүй дээ би чадахгүй. Учир нь би яаж бизнесийн хүрээгээ тэлэх вэ гэхээс илүү, хэрхэн уран бүтээлийн аугаа санаа олох вэ, хөгжилтэй, ялалтын сэтгэл зүйд чиглэсэн тийм л зүйл бодох байсан. Магадгүй энэ бүхэн мэргэжлийн онцлогтой холбоотой байх. Ямар ч байсан хүн бүр өөрийн замаараа алхдаг гэж Рузвельт хэлж байсан.
0: Эмэгтэй хүн байх нь хэцүү юу, жүжигчин байх нь уу?
Ж: Жүжигчин байхыг амар гэж хэлэх нь эмэгтэй хүн байхтай яг л адилхан. Асар их хөдөлмөр, зав зай гаргаж байж түүндээ хүрч тэмүүлдэг. Дараа жил хийх зүйлээс илүү цагийн дараах ажлыг жүжигчин сайн боддог байх ёстой. Гэхдээ би чинь яг ч сайн гэрийн эзэгтэй гэж өөрийгөө хэлчихгүй л дээ. (Инээв)
0: Том Хэнкс амьдралын ханиа магтаач?
Т: Түүнийг минь хэн нэгэн булаачих вий гэхээс үхтлээ айдаг шүү. (Инээв) Бид гэрлээд 23 дахь ойгоо тэмдэглэж байсан. Тэр үед түүнд болон хүмүүст хандаж "Би эхнэрээ хамгийн том лотто сугалаанд хожсон. Дэлхий дээрх хамгийн том бэлэг бол тэр шүү дээ" гэж чангаар хэлж байлаа. Тэгж хэлээгүй бол би алдах байснаа ойлгосон. (Инээв) Эхнэр бид хоёр хамтдаа амьдарч эхэлсэн үеэс л нэгнийгээ маш сайн ойлгосон. Үнэндээ коллеж төгсөх үед эцэг минь надад "Кадилак-600" маркийн хуучны тэрэг авч өгсөн. Нуулгүй хэлэхэд түүнээс би ичдэг байсан. Гэхдээ тэр найз охин маань байх хугацаанд хэзээ ч дэргэд минь суухаас цааргалж байгаагүй л дээ. Хамгийн ойрын жишээ бол энэ. Гэхдээ бид их хожим гэрлэсэн. Намайг ихэнх хүн Рита Уилсонтой гэрлэчихнэ гэж төсөөлөөгүй байх. Эхнэр минь жүжигчин учир яагаад ч тохирохгүй гэж бодох хүмүүс байсан л байх. Гэхдээ сонголт цорын ганц мөн давтагдашгүй байсанд талархах хэрэгтэй.
0:Бурхан минь хэнд тэгтлээ талархаад байна вэ. Таныг зуучилсан нэгэнд үү?
Т: Зуучлах гэхээр эвгүй сонсогдож байна. Биднийг учруулсан бурханд л талархах ёстой. Бас Полл Хинксын хуучны автобусны зогсоол биднийг үргэлж холбодог байсан.
0: Жулиа, алдах эрхгүй үе амьдралд тань хэд тохиож байв?
Ж: Бидний нүд урдах шугамаа даваагүй мөртлөө өрөөн доторхыг төсөөлдөг. Маш жижиг зүйлс алдаа болж харагдах үе бий л дээ. Яг алдаа гэж бодсон зүйлээ томоор төсөөлчихвөл тэр айдсаар дүүрч, давах аргагүй далайн шуурга мэт болно. Тийм учир сэтгэлээ хэзээд юунд ч бэлэн байлгах шаардлага алхам тутамд биш юм аа гэхэд алгасаад нэг тохионо шүү дээ. Надад Кэлли Маэйр гэж үнэхээр сайн найз бий. Тэр үргэлж "Хэрэв чи ганц бие амьдралыг хүсвэл тэндээ л үлд" гэж хэлэх дуртай. Гэхдээ арав гаруй жилийн өмнө ярьж байсан шигээ сонирхолоо хадгалсаар яваа. Тэр бол гайхалтай эмэгтэй. Бас хүний сайн найз байж чаддаг.
0: Шоу бизнесийн одууд үргэлж нууцаа дэлгэх дургүй байдаг. Гэхдээ Том Хэнксээс сонсохыг үнэхээр их хүсч байна. Туслаач?
Т: Нуулгүй хэлэхэд Үндэсний судлалын телевизэд оролцох урилга ирсэн юм. Нэвтрүүлэг гадаа өрнөж байсан л даа. Улмаар мод давах гэж байгаад салтайгаа урчихсан. Энэ үнэн шүү.
0: Бурхан минь. Тийм гэж үү?
Т:Би үргэлж үүнийг тохиолдол гэж бодсоор ирсэн. Тэр бол амьд байгальд аялж явахад гардаг энгийн л үзэгдэл юм л даа. Гэхдээ л хааяа бодох бүрт ичих шиг болдог. Өмдөө урчихаад "Зургаа авахаа зогсоогооч, би асуудалд орчихлоо" гээд л инээж гарсан. Тэд ойлгосонд баярладаг.
0: Та хэдэн хүүхэдтэй вэ?
Т: Дөрвөн хүүхэдтэй. Колин, Элизабет Энн нар анхны эхнэрээс минь мэндэлсэн. Харин сүүлийн эхнэр Рита Чет, Трюмэн нарыг төрүүлж өгсөн дөө. Трюмэн амьдралд минь баяр баясал авчирсан. Мэдээж би дөрвөн хүүхэддээ хайртай. Гэвч бага хүү минь надад үргэлж инээд хөөр бэлэглэдэг. Элизабет ч ялгаагүй. Түүнийг бага байхад нь кино үзүүлэх гээд дагуулаад явж байтал өмдөндөө бие засч орхисон. Ойлгож байна уу, ээж нь байгаагүй учир надад маш хүнд байсан. Шууд л ариун цэврийн өрөө хайсан. Кино театрт олон хүн байсан, биднийг хараад л инээгээд хөгөө чирсэн шүү. Хүн болсоор дөрвөн хүүхдийн эцэг гэх нэр зүүнэ гэдэг сайхан ч хариуцлага давхар дагаж явна.
0: Ритатай коллежид байхдаа танилцсан гэсэн шүү дээ?
Т: Тийм ээ. Бид олон жилийн турш найзууд байсан гэж хэлсэн.(Инээв) Ойлгож байна уу Колин хүү маань ачийг минь тэврүүлчихээд байна шүү дээ. Цаг хугацааг гэр бүлийнхээ аз жаргалаар хэмжих ийм л сайхан юм байна.
0: Жулиа хүүхдүүддээ хэр анхаарал тавьж байна?
Ж: Би гурван хүүхэдтэй. Тэдэндээ анхаарал халамж тавих тал дээр тааруухан. Амралтын өдөр л хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Хааяа хүүхдүүд ажил руу маань ил захидал илгээдэг. Уншчихаад нүдэнд нулимс тороод нэг л эвгүй байдаг юм. Өнгөрсөн жил "Улаан өндөг"-ний баяраар ажил дээр тэд бүгд нуугдчихсан байсан. Юу ч бодоогүй байж байтал гэнэт гарч ирээд өөрсдийн гараар хийсэн бялуу, мэндчилгээ бүхий хуурцаг бэлэглэсэн юм даа. Тэр өдрийг хэзээ ч мартдаггүй.
0: Чиний тоглосон "Хөөрхөн хүүхэн" киног би хоёр долоо хоногт нэг үздэг байлаа. Энэ үнэн шүү. Тэр бол муу бүсгүйн сайн дүр байсан?
Ж: Дүрдээ орохын тулд тамхи татах хэрэг гарсан. Үүнийг би асуудал гэж бодсон ч гудамжинд залуустай аальгүйтдэг зураг авалт хамгийн хүнд байлаа. Найруулагч надаас юу шаардаад байгааг нь ойлгохгүй үе бий. Хэзээ ч тэр надаас тийм утгагүй асуулт асууж байгаагүй шүү дээ. Гэхдээ шилдэг эмэгтэй дүрийн шагналаа атгаад зогсож байхдаа л кино урлаг ийм байх ёстой гэдгийг ухаарах шиг болсон.
0: Чамд таалагдаагүй мөртлөө царайлаг эр хүнд хэрхэн ханддаг вэ?
Ж: Орчин нөхцөл ямар байхаас шалтгаална. Шөнийн цэнгээний газар, ажил алба гээд. Гэхдээ эр хүнд нууцаа дэлгэхээс эмээдэггүй. Түүнд итгэж л байвал. Харин итгэлийг минь алдвал бурууг би өөртөө л тохно шүү дээ. Учир нь сайн найз, амьдралын хань, энгийн танил гээд эхнээсээ сонголтыг би хийсэн болохоор тэр. Харин нөхөртөө бол цаг үргэлж ярьж гарна даа. Тэр минь хэзээ ч залхаж байгаагүй учир түүнд би хайртай байдаг.
Т.Батсугар http://niigmiintoli.mn/